Сөүл хотын Гванак дүүрэгт “Haeil Makgeolli” нэртэй жижиг үйлдвэр ажиллуулдаг 30 настай Хан Жи-хэ корпорацийн оффисын ажлаа орхин уламжлалт солонгос архи болох макгёли үйлдвэрлэх бизнесээ эхлүүлжээ.
Тэрээр анх маркетингийн чиглэлээр ажилд орсон ч компанийн соёлд дасан зохицож чадаагүйн улмаас гурван сарын дараа ажлаасаа гарсан байна. “Ажил дээрээ би маш их зовдог байсан, ирээдүй гэж юу ч харагддаггүй байсан” гэж тэр дурсжээ. Энэ үеийн дарамт нь түүнд “ингээд л амьдрах юм бол хүссэн зүйлээ хийхийн тулд эрс өөрчлөлт хийх нь дээр” гэсэн шийдвэрт хүргэсэн байна.
2022 онд тэрээр ажлаа орхиж бизнесээ бүртгүүлэн, дараа жил нь жижиг талбай түрээсэлж макгёли үйлдвэрлэх, амтлуулах сургалт явуулах өөрийн дэлгүүрээ нээжээ. Түүний үйлдвэрлэлийн талбай ердөө 6.6 м² хэмжээтэй бөгөөд тэр өдөр бүр будаа исгэх, хөргөх зэрэг нарийн ажиллагаатай уламжлалт исгэлтийн процессыг хийдэг байна.
Тэрээр макгёлиг “амьд ундаа” гэж тодорхойлж, цаг агаар, температур, исгэлтийн нөхцлөөс хамааран амт нь байнга өөрчлөгддөгийг онцолжээ.
Хэдийгээр санхүүгийн хувьд их орлого олдоггүй ч тэр “илүү их мөнгө олоод стресс, өвчинд өртөхөөс илүү бага орлоготой ч тайван, аз жаргалтай амьдрах нь надад илүү үнэ цэнтэй” гэж хэлсэн байна.
Түүний мөрөөдөл бол тэтгэвэрийн нас хүлээлгүйгээр өөрийн удирдаж чадах жижиг орчинд удаан хугацаанд ажиллаж, тогтвортой амьдрах юм.
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!