Япон болон АНУ иений ханшийн уналтыг зогсоох зорилгоор хамтарсан валютын зах зээлийн интервенц хийснээ албан ёсоор баталлаа. Энэ нь Японы валют 40 жилийн доод түвшинд хүрэх эрсдэлтэй болсон үед хийгдсэн ховор алхам юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Вашингтон Японд иений ханшийг тогтворжуулахад тусалж байгаа нь хоёр улсын найрамдал, дэлхийн эдийн засгийг дэмжих алхам гэж мэдэгдсэн байна.
Японы Сангийн яам интервенцийг баталж, шаардлагатай тохиолдолд дахин хамтарсан арга хэмжээ авахаас татгалзахгүй гэдгээ мэдэгдлээ.
Мэдэгдлийн дараа иений ханш огцом чангарч, ам.долларын эсрэг 1.4 хувиар өсөж, нэг ам.доллар 155.20 иен болсон байна. Харин иений өсөлтөөс шалтгаалан Японы хөрөнгийн зах зээлд дарамт үүсэж, Nikkei индекс буурчээ.
Япон улс сүүлийн хугацаанд иений сулралтай тэмцэж байгаа бөгөөд валютын уналт нь импортын барааны үнийг өсгөж, инфляцийг нэмэгдүүлэн, иргэдийн амьжиргаанд дарамт болж байсан юм.
Энэ удаагийн хамтарсан интервенц нь 2011 оны газар хөдлөлтийн дараах арга хэмжээнээс хойшхи анхны АНУ-Японы хамтарсан валютын ажиллагаа болж байна.
Шинжээчдийн үзэж буйгаар энэ алхам нь зөвхөн иений ханшийг хамгаалах бус, дэлхийн санхүүгийн зах зээлд үүсэж болзошгүй тогтворгүй байдлыг хязгаарлах зорилготой ажээ. Мөн Япон, АНУ-ын төв банкуудын мөнгөний бодлогын уялдаа улам ойртож байгааг харуулж байна.
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!