Вьетнам улсын Хошимин хотноо зохион байгуулагдсан Ой тогтоолтын 34 дэх удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын оюун ухааны тамирчид түүхэн амжилтын буухиаг үргэлжлүүлж, дахин нэгэн "Үнэмлэхүй дэлхийн аварга" төрөн гарлаа.
Дэлхийн 15 орны 169 шилдэг тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр гурван өдрийн турш өрсөлдсөн тус тэмцээнд Олон Улсын Их Мастер О.Наранзул онцгойрч чадлаа. Тэрбээр тэмцээний нийлбэр дүнгээр 8,225 оноо цуглуулж, өсвөр насны ангилалд тэргүүлээд зогсохгүй насанд хүрэгчдийн ангиллын шилдэг тамирчдыг ялж, 2025 оны Дэлхийн аварга хэмээх эрхэм хүндтэй цомыг өргөв.
Дэлхийн дээд амжилтын эзэн
Ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн сурагч, 16 настай О.Наранзул нь энэ удаагийн тэмцээнд зөвхөн түрүүлээд зогсохгүй дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоолоо. Тодруулбал:
Тэрбээр 12 настайгаасаа эхлэн энэхүү спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд дэлхийн аваргад бэлтгэхээр сүүлийн хоёр сарын турш өдөрт 10 цагийн эрчимтэй бэлтгэл хийсэн нь ийнхүү үр дүнгээ өгчээ.
Тус тэмцээнд Монгол Улсын баг тамирчид үнэмлэхүй амжилт үзүүлсэн байна. Нийт олгогдсон 90 багц медалийн 66 медалийг Монголын тамирчид хүртэж, багийн дүнгээр илт давуу Тэргүүн байр эзэллээ. Ийнхүү Монголчууд ой тогтоолтын спортоор дэлхийд долоо дахь удаагаа багаараа тэргүүлж буй нь энэ юм.
О.Наранзул нь Монгол Улсаас төрөн гарч буй дөрөв дэх "Үнэмлэхүй дэлхийн аварга" болж, Монголын оюун ухааны спортын түүхэнд алтан үсгээр бичигдэх амжилтыг бүтээлээ.
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!