📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

Түүхэн өдөр ямар их үнэ цэнээр олдсон бэ? Түүхэн өдрийг яагаад тэмдэглэх болов?

Түүхэн өдөр ямар их үнэ цэнээр олдсон бэ? Түүхэн өдрийг яагаад тэмдэглэх болов?

Монгол улсын тусгаар тогтнолын түүх бол зөвхөн ялалт, баярын түүх бус, харин хагацал, харуусал, үндэстнээ гэсэн чин хүслээр сүлэгдсэн урт удаан тэмцэл юм. Энэхүү тэмцлийн хамгийн хурц бөгөөд эмгэнэлт хуудсуудын нэг бол Зүүнгарын Галдан бошигт хааны түүх.

XVII зууны сүүлээр Галдан бошигт хаан Манж Чин гүрний өсөн нэмэгдэж буй аюулын эсрэг нэгдсэн хүчээр зогсоохыг зорьсон, зарим талаараа Чингис хааны замналыг давтах зорилготой гэсэн байдаг.

Түүний энэхүү тэмцэл 1690 оны Улаанбудангийн тулаанд /Өнөөгийн өвөрмонголын нутаг/ оргилдоо хүрсэн, Галдан бошигт хаан цөөн хүчээр Манжийн үлэмж давуу цэрэгтэй тулсан. Галдан хаан "Тэмээн цайз" (тэмээнүүдийг хэвтүүлэн хамгаалалт хийх) тактикийг ашигласан боловч Манжийн цэрэг Европын технологиор хийгдсэн их буугаар зэвсэглэсэн байсан нь ялагдах гол шалтгаан болсон.

Манж Чин гүрэн мандан бадрах бүх үеийн түүхэндээ ийм аймшигтай эн тэнцүү хүч үзсэн дайсантай учирсангүй тул нийслэлд нь ойрадын их цэрэг ойртон ирэхэд маш их болгоомжлон, үймэн сандарч байсан гэдэг. Галдан Бошготтой хийх тэмцлийг Энх-Амгалан хаан ихэд чухалчилж нягт нямбай хандаж байсан.

Түүхийн хамгийн гунигт хэсэг нь 1696 оны Одоогийн Налайх дүүргийн Зуунмодны тулаан бөгөөд Галдан хааны хайртай гэргий Ану хатан хаанаа бүслэлтээс гаргахын тулд цэрэг удирдан тулалдаж, баатарлагаар амь үрэгдсэн явдал. Галдан хаан 1697 онд харийн дайсанд олзлогдохгүйн тулд хор ууж таалал төгссөн.

Өндөр гэгээн Занабазар (1635–1723) бол Монголын түүхэн дэх хамгийн сод бие хүн, шашны зүтгэлтэн төдийгүй тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн хамгийн ээдрээтэй, дипломат хуудсыг бичсэн улс төрч юм. Түүний үйл хэргийг "тусгаар тогтнол"-ын өнцгөөс харвал асар их харамсал, алсын хараа хоёр зэрэгцэн оршдог.

Өндөр гэгээн Занабазар нь Чингис хааны алтан ургийн угсаа залгамжлагч байсан тул түүний гол зорилго нь  Халх болон Ойрадын зөрчлийг намжаах байв. 1686 оны Хүрэн бэлчирийн чуулганд тэрээр Халх, Ойрадын ноёдыг эвлэрүүлж, Манж болон Оросын нөлөөллөөс сэргийлэхийн тулд нэгдсэн Монгол улсын эрх ашгийг хамгаалахыг хичээсэн. Гэвч энэ чуулган Галдан бошигт хаан болон Халхын ноёдын хоорондох ан цавыг нөхөж чадаагүй юм. Тусгаар тогтнол зөвхөн цус, нулимсаас гадна оюун санааны эв нэгдлийг эрэлхийлж олон жил үргэлжилсэн.

Гэвч эрх чөлөөний төлөөх гал бүрмөсөн унтраагүй юм. 1755 онд Амарсанаа, Чингүнжав нар Манжийн эсрэг дахин зэвсэг барин боссон нь тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн буухиаг үргэлжлүүлсэн.

 

1755 онд Манж Чин гүрэн Зүүнгарын хаант улсыг бүрмөсөн мөхөөхөөр их цэрэг илгээхэд Хойдөлтийн Амарсанаа, Хотгойдын Чингүнжав нар Манжийн цэргийн бүрэлдэхүүнд явж байв. Гэвч Манжийн хаан Зүүнгарыг эзэлснийхээ дараа амласан ёсоороо Амарсанааг бүх Ойрадын хаан болгосонгүй, харин Монголчуудыг жижиг хэсгүүдэд хуваан сулруулах бодлого баримталжээ.

Үүнийг мэдсэн Амарсанаа замаасаа оргож, Манжийн эсрэг зэвсэгт бослого эхлүүлсэн бол Халхын нутагт Чингүнжав түүнийг дэмжин бослого гаргахаар тохиролцсон байна.

Чингүнжав хүч дутаж, Оросоос тусламж эрэн явах замдаа Хөвсгөлийн хөвчид баригджээ. Түүнийг Бээжинд аваачиж, Манжийн хааны зарлигаар маш харгисаар буюу есөн эрүү шүүлгэсэн. Энэ нь бие махбодод маш их өвдөлт өгөх есөн өөр төрлийн эрүү шүүлт (яс хугалах, мах таслах гэх мэт) юм. Түүхэн сурвалжид түүнийг шүүлтийн явцад нэг ч удаа ёолоогүй, эцсийн мөч хүртэл Манжийн хааны эсрэг зогсож, МИНИЙ ЦУСАН ӨШӨӨ ЗААВАЛ АВАГДАНА гэж хэлсэн хэмээн тэмдэглэн үлдээжээ.

Манжийн ялын ёсоор бослого гаргасан удирдагчийг сэтгэл зүйн хувьд хамгийн ихээр тарчлаахын тулд түүний гэр бүл, үр хүүхдийг нь нүдэн дээр нь түрүүлж цаазалдаг байв. Чингүнжавын хувьд ч мөн адил, түүнийг хамгийн сүүлд нь буюу хайртай хүмүүсийнхээ үхлийг үзэж, сэтгэлийн асар их тамлал амссаны дараа цаазалсан гэдэг. Энэ нь түүнийг "бууж өгөх" эсвэл "өвдөг сөгдүүлэх" гэсэн Манжийн хааны эцсийн оролдлого байсан ч Чингүнжав эцсээ хүртэл мохоогүй юм.

Чингүнжав таван хүүтэй байсан гэх мэдээ байдаг. Тэдний дотор насанд хүрсэн болон өсвөр насны хөвгүүд байснаас гадна хамгийн гунигтай нь 7 орчим настай бага хүү нь байсан юм.Түүний бага хүүг хүртэл хөнөөсөн нь Халхын бослогыг дарах гэсэн харгис сануулга байв.

1755 оны 9 сарын 24-нд Амарсанаа Манжийн эсрэг бослого гаргав. Мөн оны 10-р сард Амарсанаагийн заавар зөвлөгөөгөөр зайсан Дондогманж Илид байсан манжийн цэргийг бут цохьжээ. 1755 оны 11-р сард Бор талд Амарсанааг Зүүнгарын хаан өргөмжилжээ. 

1757 оны зун тусгаар тогтнолын галыг дахин асаахаар эргэн ирсэн түүнийг Шарбалын дэнж дээр Манжийн нүсэр их цэрэг угтлаа. Амарсанаагийн 3,000 баатар эр харийн түмэн цэрэгтэй хагас сарын турш үхэлдэн тулалдав. Энэхүү тэнцвэргүй тулаанд босогчдын 80 гаруй хувь нь буюу 2,500 дайчин эх орныхоо төлөө амь үрэгдэж, тэмцэл цусанд будагдсан юм.

Арга тасарсан Амарсанаа Орос улсаас тусламж эрэн хил давсан ч, хувь заяа түүнд боломж олгосонгүй. Тэрээр 1757 оны 9 дүгээр сарын 21-нд Тобольск хотод цэцэг өвчний улмаас харийн нутагт бие баржээ. Манжийн хаан түүний цогцсыг нэхэн нэгжүүлж, өөрийн нүдээр үзэхийг шаардсан нь түүнийг ямархуу агуу дайсан байсныг илтгэнэ. Түүний үхлээр Зүүнгарын хаант улсын голомт бүрмөсөн мөхөж, Монгол түмэн харийн дарлалд бүрэн орсон гунигт түүх эхэлсэн билээ.

Хамгийн аймшигтай нь Манжийн хаан Амарсанаагийн бослогын дараа Зүүнгарын ард түмнийг (Ойрадуудыг) "Үрийг нь тасал" гэсэн зарлиг буулгаж, Зүүнгарын хүн амын дийлэнх хэсгийг алж, үлдсэн хэсгийг нь боолчлох юм уу цөлж, улмаар Зүүнгарыг тэрч чигт нь устгасан. Зүүнгаруудыг устгасан нь Тэнгэр тэтгэч эзэн хааны хоёр жил үргэлжилсэн "үндэстний хоморголон устгах ажиллагаа" гэж тодорхойлсон устгалын бодлоготой холбоотой гэж үздэг. Хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийн нэвтэрхий толь бичигт Тэнгэр тэтгэгч эзэн хааны Зүүнгарын эсрэг үйлдлийг геноцидын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шийтгэх тухай НҮБ-ын конвенцид зааснаар геноцид гэж ангилсан байдаг. Энэ нь Монголын түүхэн дэх хамгийн том хядлага байв.

Амарсанаа, Чингүнжав нар амь алдсан ч тэдний тэмцэл "Бид харийн дарлалд дуугүй суух үндэстэн биш" гэдгийг Бээжинд сануулж, 150 жилийн дараах 1911 оны хувьсгалын оюун санааны галыг асааж өгсөн юм. Энэхүү олон зууны зүтгэл, цус, нулимсны үр дүнд 1911 онд Олноо өргөгдсөн Монгол Улс тунхаглагдаж, улмаар 1921 оны Ардын хувьсгалтай золгосон юм.

Өнөөгийн Ерөнхий сайд Г.ЗАНДАНШАТАР Улсын их хурлын гишүүн байхдаа уриалан дэмжиж, хуульд нэмэлт оруулж өнөөдөр бид бүхэн жил бүр тэмдэглэн өнгөрүүлж буй юм байна. Түүний нийтлэлийн хэсгүүдээс оруулвал:

 

“Энэхүү 12-р сарын 29-ны өдөр нь Mонгол төрийн багана ганхсан түүхэн хүнд бэрх цаг үеийг отголж, 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин Улсын ноёрхлыг эцэс болгон монгол төрийг сэргээн байгуулж, монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе бид бүхэн бахархан дурсвал зохих түүхт үйл явдал болсон өдөр юм.

 

Богд Жавзандамба хутагт “Монгол овогтон бүгдээрээ нийлж өөрийн улсыг байгуулж, бусдын эрх мэдэлд дарлагдан зовлон зүдгүүрийг үгүй болгох цаг ирлээ” хэмээсэн утгатай лүндэн буулгаж, энэхүү лүндэнгээ Өвөр Монголын бүх хошууд, Хөх нуур, Цайдам, Шинжаан, бүр Ил Тарвагатай, Урианхайн хязгаарын монголчуудад ч хүргэжээ. Халхын дөрвөн аймгаас яаравчлан цэрэг татаж, Хүрээнд суугаа манж амбаныг хөөн зайлуулснаар Манж Чин гүрний эрхшээл дор явсан 200 гаруй жилийн гутамшигт түүхэнд цэг тавьжээ. Ингээд 1750-иад оноос хойш анх удаа Монголын хилийн боомтуудад харуул манаа гаргаж, Ховд, Улиастайг чөлөөлөхөөр цэрэг хөдөлгөсөн зэргийг бид мэднэ.

 

Энэ бүхний эцэст Арвантавдугаар жарны Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 дугаар сарын 29-ний өлзий билгэт сайн өдөр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтыг баталгаажуулан Монгол Улс тусгаар тогтнолоо даяар олноо тунхаглан зарлаж, үндэсний тусгаар тогтнолын хөдөлгөөний удирдагч Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж, түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гаргасан байна. Энэхүү эрх чөлөөний хувьсгал нь монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс болсон билээ.

 

            Туурга тусгаар улсаа зарлаж, Манжийн дарлалаас үүрд ангижирснаа тунхагласан энэ өдрөөс хойш даруй гурав хоногийн дараа Нанжин хотноо Хятад улс төрийн тусгаар тогтнолоо зарлаж, анхны ерөнхийлөгч Сун Ятсен тангараг өргөсөн байдаг. Түүхэн хөдөлшгүй энэ баримтыг үзэхүл, Монгол, Хятад хоёр ард түмэн хоёул Манжаас нэгэн зэрэг шахам чөлөөлөгдөн эрх чөлөөт улсаа байгуулсан бөгөөд бүр нарийвчлах юм бол, манай улс гурван хоногийн өмнө туурга тусгаар болжээ!

 

Бүгд найрамдах засаглалаа зарласан буюу анхны Бүгдээр найрамдах Үндсэн хуулиа баталсан 11-р сарын 26-ныг бид албан ёсны баяр болгон тэмдэглэдэг. “Улс тунхагласны” гэж зөрүү нэрлээд заншчихсан буруу үгээ л залруулчихвал энэ үнэхээр зөв чухаг баяр. Улсын тухайд бол бид 800 жилийн өмнө Монгол хэмээх нэрийг дэлхийд зарлан тунхагласан шүү дээ. Тэгээд ч Бүгд найрамдах засаглалыг манайхаас өмнө Ази тивд ердөө гуравхан л улс хүлээж авсан байдаг (Японд 1867 оны Мэйжийн шинэчлэл, Хятадад 1912 оны Синьхайн хувьсгал, тэгээд манайхаас ганцхан жилийн өмнө буюу 1923 онд Туркт Ата-тюркийн шинэчлэл). Тэгэхээр Азидаа дөрөв дэх Үндсэн хуульт бүгд найрамдах засаглалыг бий болгосноо тэмдэглэх нь зүй. Гэвч засаглалынхаа баярыг төрийн хэмжээнд ёсолж, бөх барилдуулж, нийтээрээ амардаг атлаа 200 гаруй жилийн Манжийн дарангуйлалаас колоничлолоос тусгаар тогтносон өдрөө огт хайхрахгүй өнгөрөөдөг нь яавч зохисгүй, эх оронч бус явдал бус уу?

 

Өнөөдөр манай хойч үе, хүүхэд залуус Монгол улсын тусгаар тогтнол ямар үнэ цэнтэй зүйл вэ гэдгийг, ямар эгзэгтэй замнал туулж энэ тусгаар тогтнол маань баталгаажсаныг төдийлөн мэддэггүй. Бас Манж Чин гүрний эрхшээлд өнгөрөөсөн хоёр зуун манай үндэсний ухамсарт сэтгэлгээ, соёл, эдийн засгийн хөгжилд ямар их садаа учруулсныг, бидний өнөөгийн буурай хөгжил социализмын 70 жилээс илүүтэй чухамдаа тэрхүү харанхуй бурангуй 200 гаруй жилээс улбаатайг ойлгодог хүүхэд байтугай том хүн тоотойхон. Тэгэхээр бид Хятад үндэстнээс бүхэл бүтэн гурав хоногийн өмнө Манжаас туурга тусгаарласан энэхүү чухаг өдрийг ёслон тэмдэглэх болсон нь үндэсний төрийн бодлогын нэн чухал асуудал юм.

           

1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг амжилтад хүргэсэн эх орончдын баатарлаг түүхийг эргэн дурсахын утга учир хийгээд энэ үйл явдлын түүхэн болон улс төрийн ач холбогдолыг зүй ёсоор үнэлж, жил бүрийн 12 дугаар сарын 29-ний өдрийг “Үндэсний эрх чөлөөний өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байх нь монгол хүн бүр эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал үндэсний түүх, соёлоороо бахархах, эх оронч үндэсний ухамсар төлөвшүүлэх одоо хийгээд ирээдүйд эрх чөлөөг бат итгэлтэйгээр эдэлж амьдрахын утга учрыг эргэцүүлэн ойлгуулсан гүн гүнзгий агуулгатай байгаасай хэмээн хүсч байна.

 

Миний бие 12 дугаар сарын 29-ны өдрийг “Үндэсний эрх чөлөөний өдөр” болгон тэмдэглэж байхыг уриалан энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхий ач холбогдол тухайн үеийн түүхэн үйл явдлын талаарх нийтлэлээ 2005 онд бичиж Та бүхэнд хүргэж байсныг санаж байгаа бизээ.  

 

             Монгол Улсын Их Хурал 2007 оны 08 дугаар сарын 16-ны өдөр “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд нэмэлт оруулж 12 дугаар сарын 29-ны өдрийг “Үндэсний эрх чөлөөний өдөр” болгох шийдвэр гаргаж энэ жил 2 дахь жилдээ “Үндэсний эрх чөлөөний өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.”   гэсэн байдаг.

 

Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны 8 дугаар сарын 06-ны Засгийн газрын  өдрийн ээлжит 11 дүгээр хуралдаанаар Богд хааны ордон музей болон түүний орчмын түүх, соёлын дурсгалт газрыг хамгаалахтай холбоотой үүрэг даалгавар өгсөн байдаг.

 

Түүхэн энэ өдөр юу болсон түүхэн энэ өдрийг бид яагаад тэмдэглэх болсныг энэхүү хураангуйгаас бид танилцан үзэж цаашид үр хүүхэддээ уламжлуулах бидний чухал үүрэг хэмээн бодож байна. Эх сурвалжийг эмхэтгэх товчлох явцад эргэлзээтэй олон зүйл байсныг дурьдах нь зүйтэй.

 

Хураангуйлсан: Бобби

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ

7 цаг

12 настай охины бүтээсэн агаар шүүгч вирусийг 99% устгаж, бүх сургуулиудад суурилуулж байна

АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлаг (EPA) туршихад уг төхөөрөмж нь агаар дахь вирусийн 99 гаруй хувийг устгаж, үнэт...

12 настай охины бүтээсэн агаар шүүгч вирусийг 99% устгаж, бүх сургуулиудад суурилуулж байна
18 цаг

Э.Наранбат Дэлхийн цээж тооллын "Аврага" цол хүртлээ

АНУ-ын Лос-Анжелес хотод 1-р сарын 18-нд болсон Цээж тооллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас 7-15 насн...

Э.Наранбат Дэлхийн цээж тооллын "Аврага" цол хүртлээ
19 цаг

Үзсэн киногоо дахин үзэх нь тархийг амрааж, мэдрэлийн системийг тайвшруулдаг

Зөвхөн дурсамж сэргээх төдий зүйл биш бөгөөд "ирээдүй нь тодорхой" байдлаас хүн тайвшрал, аюулгүй мэдрэмж авдаг болохыг...

Үзсэн киногоо дахин үзэх нь тархийг амрааж, мэдрэлийн системийг тайвшруулдаг
19 цаг

Нэрс хүүхдийг харшлаас сэргийлж гэдэсний ашигтай бактерийг нэмдэг

Нэрс антиоксидантаар баялаг тул багаасаа хэрэглэх нь ирээдүйд архаг өвчнөөс сэргийлэх бат бөх суурь болдог.

Нэрс хүүхдийг харшлаас сэргийлж гэдэсний ашигтай бактерийг нэмдэг
1 өдөр

СХД-ийн 34 дүгээр хороо усан спорт сургалтын төв ашиглалтад орлоо

Орбитод усан бассейн, боулинг, фитнесийн тоног төхөөрөмжтэй орчин үеийн цогц усан спорт сургалтын төв ашиглалтад орлоо

СХД-ийн 34 дүгээр хороо усан спорт сургалтын төв ашиглалтад орлоо