Канадын Бритиш Колумби мужийн Тамблер Ридж (Tumbler Ridge) хотод 2026 оны 2-р сарын 10-ны Мягмар гарагт аймшигт зэвсэгт халдлага гарч, 10 хүн амиа алдан, 25 хүн шархадсан эмгэнэлт хэрэг гарлаа.
Канадын Хааны морьт цагдаагийн газар (RCMP)-ын мэдээлснээр халдлага өдрийн 13:20 цагийн орчимд тус хотын дунд сургуульд эхэлжээ. Хэргийн газраас хэрэгтэн эмэгтэй болон зургаан хохирогчийн цогцос олдсон бол нэг хохирогч эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураасан байна. Мөн уг хэрэгтэй холбоотой өөр нэгэн орон сууцнаас нэмж хоёр хүний цогцос олджээ. Хэрэгтэн Жесси гэгч эмэгтэй өөрийгөө буудаж, амиа хорлосон гэж цагдаа нар дүгнэсэн байна. Одоогоор хүнд шархадсан хоёр иргэний нэгнийх нь биеийн байдал сайжирч байгаа бол нөгөө хүүхдийн биеийн байдал муу хэвээр байгаа аж. Канадын Ерөнхий сайд Марк Карни энэхүү явдалд гүнээ харамсаж буйгаа илэрхийлж, хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийллээ.
Дэлхийн энх тайвны индексээр байнга тэргүүлдэг, аюулгүй оронд тооцогддог Канад улсад ийм төрлийн зэвсэгт халдлага гарсан нь олон нийтийг цочролд оруулаад байна. Энэхүү үйл явдал нь 1989 оноос хойш тус улсад бүртгэгдсэн, хамгийн олон хүний амь нас хохирсон халдлагуудын нэг болоод байна.
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!